5 5
 

Мэдээ мэдээлэл

Хорт утааны эсрэг бүгдээрээ санаачлагатай ажиллах цаг болжээ
Утааг багасгах талаар дээр дооргүй ярьцгааж байгаа. Америкийн мянганы сорилтын сангаас манай улсад 285 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Үүнээс 47,2 сая ам.долларыг хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөлд зориулжээ. Төслийн хүрээнд гэрийн бүрээс, зуух, яндан, түлш зэрэг олон хэлбэрээр агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. Төслийн анхны үр шимийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1200 айл хүртээд байгаа аж. Тус дүүргийн 11, 12 дугаар хорооныхон дор хаяж 30 хувь бага түлш хэрэглэж, мөнгөө хэмнэсэн гэнэ. Мөн урьдынхаа илүү дулаан өвөлжжээ. “Цэвэр агаар” төсөл энэ хавраас эхлэн бусад хороо, дүүрэгт хүрээгээ тэлж байна. Ирэх өвлийн бэлтгэлээ базаан, хортой утааны хэмжээг 80 хувь буруулах уг төслийн зуухыг одоогоор 1000 гаруй айл аваад байна. Зуухны үнэ 300 гаруй мянган төгрөгөөр борлуулагдах байсныг төслийн хүрээнд 77 хүртэл хувь хүртэл хөнгөлжээ.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталсан юм. Сайжруулсан дулаалгатай, утаа бага гаргадаг зуух, цахилгаан халаагуур, түүхий нүүрс шатаадаггүй, харин бүх төрлийн хийн түлш ашигладаг, яндангийн шүүлтүүртэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, сууц, нар, салхины эрчим хүч ашигладаг, утааны эсрэг төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж, агаар бага бохирдуулдаг бүтээгдэхүүн хэрэглэдэг айл өрхүүд цахилгааны төлбөрөөс тавин хувь чөлөөлөгдөхөөр боллоо. Агаар бохирдуулаагүйн төлөө олгож байгаа цахилгааны хөнгөлөлт 50 хувь болов. Агаарын бохирдлын эсрэг иргэд маань санаачлагатай, хариуцлагатай ажилласных нь урамшуулал гэж үүнийг нэрлэж болох юм.  Түүнчлэн хотын дотор явж байгаа машин бүрээс агаар бохирдуулж байгаа хэмжээнээс нь хамаарч 1800-9500 төгрөгийн төлбөр хурааж авна. Эндээс цугласан мөнгийг нь агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулна. Түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогчид, агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэж байгаа болон ашиглах зөвшөөрөл эзэмшигчид ч төлбөр төлнө. Нүүрсний кг тутамд 1-2 төгрөг, органик уусгагч бодисын кг тутамд 10-30 төгрөгт багтаан төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтоохоор хуульчилсан юм. Урьдчилсан тооцоогоор 30 гаруй тэрбум төгрөг Цэвэр агаарын санд цуглахаар байгаа. Агаарын бохирдлын эсрэг 2014 он хүртэл 130 гаруй тэрбум төгрөг зарцуулж, бодитой ажил хийж чадвал утаа 50 хувиар багасна гэж үзжээ.

Түүхий нүүрс түлэхийг хориглож хязгаарласан бүсэд 100 орчим мянган өрх хамрагдаж байна. Эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүнийг нэн хөнгөлөлттэй үнээр авч, хуулиа ч биелүүлж, мөнгөө ч хэмнэж, олон дахин үнс асгах мэтийн гэрийн хөдөлмөрөө ч хөнгөвчилж, шөнө босч гал түлэхгүй амар тайван нойрсож, илүү далаан аж төрөх боломжийг хуулиар хангаж өгөв.  
Монгол Улсад Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай гэсэн гурван хууль ийнхүү хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Хуулиа хэрэгжүүлэх журам дүрэм, урамшуулал, хөнгөлөлтийн хэмжээ дамжааг нь тогтоож, утаанаас тусдаа уушиг гэж байхгүй учир Улаанбаатарын иргэн бүр оролцвол агаар цэвэршинэ. Гагцхүү гэр хороололд амьдардаг иргэд маань хуулиа хэрэгжүлэхэд бүгдээрээ идэвхийлэн оролцох хэрэгтэй болж байна. Ингэж чадвал бид элдэв өвчлөлийг бууруулна. Хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж, үүргээ ч биелүүлбэл утаа арилна, уушиг дүүрэн амьсгалах өдрүүдтэй бид бүгдээрээ золгоно. Иймээс Zindaa.mn сайтад тавтай морилж “Цэвэр агаар” төсөлд хэрхэн хамрагдах, утааг яаж багасгах талаарх мэдээлэлтэй байнга танилцаж байхыг хүсч, урьж байна. Бид цуврал, бодитой мэдээллээр таньд үйлчлэх болно.

Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
 
Брэнд бүтээгдэхүүн
Санал асуулга
Гэр хорооллын утааг хэрхэн бууруулах вэ?
Гэр хорооллын өрхийн тоог хязгаарлах
Цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх
Хот руу чиглэсэн нүүдлийг хязгаарлах
Түүхий нүүрсий хэрэглээг багасгах
Сайжруулсан зуух хэрэглэх
Мэдэхгүй байна
 
 Үр дүнг харах (229)
Copyright © 2011: Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлан олшруулах хориотой
Developed by:miniCMS™ v2